Тамхи татах нь эрчүүдэд бэлгийн сулрал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Нийтэлсэн:Б.Орхон, 2020/7/19

Бэлгийн сулрал нь хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж амьдралын чанар буурах, бие физиологийн өөрчлөлт бүхий эрүүл мэндийн асуудал юм. Хэвийн бэлгийн үйл ажиллагаа нь зохицуулгат механизм буюу сэтгэц, мэдрэл, дотоод шүүрэл, бэлэг эрхтэн тогтолцооны нийлмэл үйл юм. Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хөвчрөлт сулрах буюу хөвчрөхөө болих, эсвэл үрийн шингэнээ түргэн алдах гэсэн үндсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Амьдралын буруу хэв маяг, хорт зуршлаас үүдэн эрэгтэйчүүдэд бэлгийн сулралын шинж тэмдэг ихээхэн илэрсээр байна. Тамхи бэлгийн сулралд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл болох нь олон судалгаагаар нотлогджээ.

2013 онд БНХАУ-ын Ухан хотын Хубэй мужийн судлаачид нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Энэхүү судалгаанд тамхи татсанаар бэлгийн сулралд өртөх магадлалыг дэвшүүлэн мета анализ судалгааны аргаар нийт 28’586 тохиолдол дээр дүн шинжилгээ хийсэн судалгааны үр дүнгээс: Тамхи татаж буй эрэгтэй хүмүүс бэлгийн сулралд өртөх эрсдэл тамхи татдаггүй бүлэгтэй харьцуулахад 1.51 дахин их байна. Мөн өмнө нь тамхи татдаг байсан хүний бэлгийн сулралд өртөх магадлал нь тамхи татдаггүй бүлэгтэй харьцуулахад 20%-иар илүү байна.

Хэрэв та одооноос эхлэн тамхи татах хорт зуршлаас салвал бэлгийн сулралтай болох эрсдэлээ 31%-иар бууруулж чадна.

Өдөрт 10 ширхэг тамхи татах нь бэлгийн сулралтай болох магадлалыг 14 хувиар харин 10 жил тамхи татах нь 15 хувиар тус тус нэмэгдүүлдэг ажээ. Энэ нь өдөрт тамхи татах давтамж, хугацаа ихсэх нь бэлгийн сулралтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг илтгэж байна.

Тамхи, архины хэрэглээ нь бэлгийн сулрал төдийгүй олон өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйл болж буйг анхаарна уу.

Эх сурвалж:

1. Shiyi Cao,2013, Smoking and Risk of Erectile Dysfunction: Systematic Review of Observational Studies with Meta-Analysis, Plos One

2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/23573257/